Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Данзанчойжийням: Хүн бүрийн сэтгэл санааг төвшитгөж, зөв зүг рүү нь залахыг хичээнэ

2014-11-06

Нэгэн цагт Халх Монголоос Төвдөд залран Бурханы шашныг төвхнүүлж явсан түүхтэй Дугар зайсан хэмээгчийн VIII дүр Энэтхэг улсын Балдан брайвүн хийдийн Гомон дацанд шавилан сууж буй Гүшири хувилгаан Данзанчойжийнямтай хөөрөлдлөө.


-Сайхан зусч байна уу, ном эрдэм өндөр үү?

-Сайхан зусч байна аа. Номоо эрдмээ үзээд л сууна.

-Та Жагарын оронд хэдэн жил сууж байгаа билээ?
-Анх 2006 онд ирсэн. Одоогоор долоон жил гаруй болж байна.

-Ер нь нийтдээ хэдэн жил суралцах вэ?
-Наад тал нь 35 жил суралцаж байж Лхарамбын дамжааг дүүргэдэг. Нийт 16 анги, Гомон, Лосоолон, Шанзы, Шарзы, Сэрамы, Сэражы гэсэн зургаан дацан бий.

-Танай дацанд Монголоос хэчнээн шавь суралцаж байна?
-Яг халх ястан гэвэл 270 орчим шавь бий. Өвөрмонгол, буриад, халимаг гээд бүгд нийлвэл 300 гарах байх. Монголоос тодорсон найман хувилгааны долоо нь манай дацанд суралцдаг.

-Бурханы ном зааж буй багш нарын тань тухайд?
-Надтай хамт ирсэн Завханы хувилгаан Жалханз хутагт бид хоёр анх Далай багшид мөргөхөд Ловронгийн багш Ёндонжамц гэдэг хүнийг багшаар томилж өгч байсан. Өдгөөг хүртэл энэ багш маань бид хоёрт ном зааж байгаа. Гэрийн багш гэж бас бий. Мэдэхгүй чадахгүй бүх зүйлээ асууж байдаг. Ийм үндсэн хоёр багштай.

-Та бүхний сурч байгаа чиглэл Бурханы шашин дотроо яг аль урсгалд нь хамаарах вэ?
-Бидний сурч буй чиглэл бол Буддын гүн ухааны Чойрын таван ботид хамаарна. Бурхан багшийн айлдварын дагуу өнгө дүрсээс эхлээд бурханы гэгээн ухааныг хүртэл судалдаг гэж болно. Хүний зургаан эрхтэн, зургаан мэдрэхүй, тэдгээрийн зургаан вишайгаас эхэлж, 12 шүтэн барилдлага, Хутагтын дөрвөн үнэн гэх мэтээр 108 ай савд багтаасан судлагдхуунтай байдаг. Ер нь Цанид Чойрын энэ бүх ухааныг судалж байж Гавжийн дамжаа барих учиртай.

-Байрлаж буй орон байрны нөхцөл ямар вэ?
-Орон байрны тухайд ерөнхийдөө оюутны байр л гэсэн үг. Нэг өрөөнд 2-4 хүн байна. Хоол унд гээд бүх зүйлийг дацангаас гаргадаг. Өдрийн гурван хоолтой. Бид зөвхөн ном эрдмээ л сайн үзэх ёстой. Өөр дутагдаж гачигдах зүйл байдаггүй. Өвчин зовлон тохиолдвол шаардлагатай зардлын 70-80 хувийг дацангаас гаргаж өгдөг. Мөн сургалтын төлбөр төлдөггүй.

-Хичээлийн цаг нар нь ямар зохион байгуулалттай байдаг вэ?
-Өглөө 6-11, орой 18-23 цагийн хооронд нэгдсэн хичээлтэй. Өдөр нь 12-17 цагт өөрсдийн хувь хувийн багш дээрээ номоо заалгадаг. Долоо хоногийн нэг өдөр нь даваа гарагт амардаг. Одоо зун болж байгаа болохоор Түг чура буюу ангиуд эрэмбэ дараагаараа ном хаялцах өдрүүд үргэлжилнэ. 15 хоногийн турш болдог энэ зүйл нь манай Гомон дацангийн нэг гол үйл ажиллагааны нэг юм.

-Орчин үеийн технологийн дэвшлийг /интернэт, гар утас гэх мэт/ ашиглах нь та бүхэнд нээлттэй байдаг уу эсвэл тодорхой хяналт хязгаарлалт байх уу?
-Манай зургаан дацанд гар утас, телевиз, компьютер зэргийг бүгдийг нь хориглодог байсан. Харин саяхнаас бага зэрэг өөрчлөлт гарсан. Далай багш шавь нарыг бурханы номоос гадна шинжлэх ухааны тал, англи хэлийг заавал судалж суралцах ёстой гэсэн лүндэн буулгасан. Энэ дагуу компьютер гэх мэт электрон хэрэгслийг зайлшгүй ашиглах болж байгаа юм.

Гэхдээ зөвхөн 11-ээс дээш ангийнханд зөвшөөрдөг. Яагаад гэвэл 11-ээс доош ангийн шавь нар маань хувь хүн талаасаа хараахан төлөвшиж амжаагүй байдаг учир аливаа буруу зүйлд сатаарах, улмаар шашин номын үйлээ умартах магадлалтай гэж үздэг болов уу.

-Харьцангуй бага насандаа хол газар эрдэм сурахаар явахад ямар байв. Гэр орноо санах юм уу?
-Би багаасаа эмээ өвөө дээрээ өссөн болохоор аав ээжийгээ санах нь гайгүй. Анх наашаа явахад их л гоё санагдаж байсан. Ирээд үзэхэд ч их өвөрмөц сайхан орчин угтсан. Бурханы орон гэдэг цаанаасаа л өөр байдаг юм билээ.

-Аав ээж, удам угсааныхаа талаар яриач?
-Миний төрсөн нутаг бол Баянхонгор аймгийн Баянцагаан сум. Өвөө маань Төмөрбаатар гэж нутаг усандаа нэртэй, удмын малчин хүн бий. Олон хүүхэдтэй өнөр өтгөн айл. Аавыг минь Амартунгалаг гэдэг. Би айлын том хүүхэд, доороо хоёр дүүтэй.

-Багадаа ямаршуу ааш араншинтай хүүхэд байв. Хувилгаан дүрээр тодрохоос өмнө бурхан шашинд хэр сүсэг бишрэлтэй байсан бэ?
-Ер нь их сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан даа. Бурхан шашны талаар сайн мэддэггүй байсан. Гэхдээ манайхан бүгд л буддын шашинтай улс болохоор өвөө эмээ маань “Тэгвэл нүгэл, ингэвэл буян болно” гэх мэтээр өдөр тутмын амьдралдаа шашны сургаалыг тодорхой хэмжээгээр зааж сургадаг, түүнийг нь бид ерөнхийд нь гадарладаг байсан байх. Харин одоо бол Бурханы шашин гэж юу болохыг илүү дэлгэрэнгүй суралцаж байна.

-Таныг хувилгаан дүрээр хэрхэн тодруулж байв?
-Тухайн үед /2006 онд/ би 10 настай байсан. Манай Амарбуянт хийдийн захиргаа сүсэгтэн олныхоо хүсэлтээр хувилгааныхаа VIII дүрийг тодруулж болох эсэх талаар Монголын Бурханы шашны тэргүүн агсан IX богд Жавзандамба хутагтаас асуусан юм билээ. Улмаар IX богд маань нааштай хариу илгээж, тодорхой заавар зөвлөмжүүдийг өгсөн байдаг.

Уг зааврын дагуу манай хошууны Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст суманд 1993-1995 онд төрсөн 600 гаруй хүүхдийн дундаас тодруулсан. Чухам ямар заавар зөвлөмжөөр тодруулсныг би сайн мэдэхгүй юм. Их нарийн дэг ёстой байдаг юм гэсэн. Ямартай ч IX богд миний биеийг Гүшири хувилгаан хэмээн тодолсон, Далай багш үүнийг нь баталгаажуулсан албан ёсны бичиг байдаг.

-Хувилгаан хүнд өмнөх дүрүүдийнх нь талаар тодорхой мэдээллүүд далд ухамсраар дамжиж ирдэг гэж ярьдаг. Танд тийм зүйл мэдрэгддэг үү?
-Зарим хувилгаад өмнөх дүрийнхээ тухай санах, бүр эдэлж хэрэглэж байсан эд зүйлээ таних гэх мэт зүйл байдаг гэсэн. Миний хувьд бол өөрт тодорхой мэдэгдэх зүйл одоохондоо байхгүй байна. Яваандаа ном эрдмээ гүнзгий судлаад суралцаад ирэхээр цаашид юу тохиолдохыг хэлж мэдэхгүй юм. Харин өмнөх дүрүүдийнхээ талаарх түүхэн баримт сэлтийг аль болох дэлгэрэнгүй мэдэхийг хичээж судалдаг.

-Таны анхны дүр Дугар зайсан гэж хэн болох тухай сонирхуулаач?
-Дугар зайсан буюу Госор бандид гэх хүний талаар газар орон бүрт хэд хэдэн янзаар яригддаг домог бий. Зарим эрдэмтэн тусгайлан судалгаа шинжилгээний бүтээл хүртэл туурвисан байдаг. Манай нутаг усныхны ярьдгаар бол Дугар зайсан гэж Монголын баруун говьд тэмээ хариулдаг хэрнээ их эрдэм номтой хүн байсан гэдэг. Халхаас Энэтхэг, Төвдөд мөргөл хийж явсан нэг хүн Далай ламд бараалхахад түүнд нэг судар өгөөд “Энэ судрыг аваад нутагтаа буцаж оч. Судрын учрыг мэдэх хүнд өгөөрэй” гэж захижээ.

Мөргөлчин баруун говьд ирээд явж байтал Дугар зайсан таарч судрыг үзээд “Манай шашин ийм дээрээ тулаа юу” хэмээн ихэд уурласан байна. Учир нь Төвдөд улааны болон шарын шашны буюу Гармава, Нимава ёсныхонтой Гэлүгва ёсныхон өөр зуураа тэмцэлдэж, хараал жатга давамгайлах болж л дээ. Ингээд Дугар зайсан ороо нь орсон цагаан буур унан Төвдөд очиж шашны үйл хэргийг төвхнүүлсэн гэдэг.

Түүнийг очих замд өөдөөс нь хараалын хүчээр галзууруулсан барс явуулсан ч Дугар зайсан номхотгож, гинжлээд хөтөлж очсон домогтой. Улмаар бүх хараалчийн хэлийг сэлмээрээ тас огтолсон гэх нь бий.

Одоо ч төвдүүд зарим хүнд “Ла” хэмээн хэлээ гаргадаг нь Дугар зайсангаас улбаатайгаар “Би хар хэлгүй” гэдгээ илэрхийлж буй хэрэг гэж үздэг. Мөн бар номхруулж хөтөлсөн Дугар зайсангийн хөргийг төвдүүд тахиж шүтсээр байна. Басхүү манай хүрээнд энэ хүний барьж явсан 135 см урт, 12 кг жинтэй маш том сэлэм өдгөө хадгалагдаж байдаг юм.

-Бусад дүрүүдийн талаар онцлох түүх гэвэл?
-Бусад дүрүүдийн тухайд бүгд л эрдэм чадалтай, өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог шинжтэй хүмүүс байж. Жишээ нь, Дүвчин дүр, Мэргэн дүр, Жаахан дүр гэх мэтээр нэрлэгдэж ирсэн. Эдгээрээс III дүрийн хувилгаан Дүвчин дүр буюу Лувсандовдон “Хөвлөг хангайн бараа”, “Харгай дүнгээ” гэх мэт хэд хэдэн уртын дууг зохиосон нь өнөө ч манай нутагт үе дамжин дуулагдсаар байгаа.

Мөн IV дүрийн хувилгаан Мэргэн дүр хэмээгдэх Лувсанбавуудагважанцан 1800-аад оны сүүлчээр манай нутагт орос, хятадын нөлөөгөөр дэлгэрсэн “Даалуу” гэх мэт хүмүүсийн хор шар хөдөлгөдөг элдэв мөрийтэй тоглоомыг хориглож, өөрийн хошууны үндсэн тоглоом болох шашны бэлгэдэлтэй “Тахил” тоглоомыг зохиосон юм билээ.

“Тахил” тоглоом нь хүмүүний атаа жөтөөг хөдөлгөдөггүй, мөрийцөж тоглодоггүй. Айл бүр цагаан сараар тахилаа сугалж тухайн жилийнхээ ноён нурууг үздэг, гэр барьж, сөхөж тоглодог сайхан уламжлалтай.

Хувилгаадын тухай энэ мэт олон баримт сэлт, хууч яриа, манай хийдийн үүсэл хөгжлийн талаар нутгийн эрдэмтэн Б.Пүрэвдорж ах маань 2010 онд “Амарбуянтын хийд” нэртэй ном бичсэн. Мөн дээр дурдсан хоёр хувилгаан өөрсдөө төвд хэлээр бичиж туурвисан Сүмбүм зохиолууд сан хөмрөгт хадгалагдаж байгаа. Энэ бүх баримтыг судалж үзвэл барагдашгүй их түүх ундрах байх аа.

-Амарбуянт хийдийнхээ түүхээс хуваалцана уу?
-Манай хийд XVI-XVII зууны үед Юм бэйсийн хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумдын зааг нутаг Байн нурууны өвөр говьд байгуулагдсан түүхтэй. Тухайн үедээ “Халхын баруун хаалга” гэгдэж, шашны олон төрлийн сургалт явуулдаг найман дацан, 11 дуган, 20 орчим жас сантай томоохон хийд байж.

Харин 1930-аад оны хэлмэгдүүлэлтээр хийдийг албадан тараасан гэдэг. Ингээд олон жил улирсны хойно 1990 оноос дахин сэргээсэн юм билээ. Одоо 30 гаруй лам хуврагтай тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа. Хүрээний эргэн тойронд барс, заан, аварга могой, хангарьд гэсэн дөрвөн хүчтэн лугаа дүр илэрхийлсэн уул хад, байгалийн өвөрмөц тогтоцтой ариун дагшин газар бий.

-Таныг 2010 онд Амарбуянтын хийдэд хувилгааны ширээнд албан ёсоор залсан. Тухайн үед ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Намайг угтан авахаар хуран цугласан сүсэгтэн олныгоо хараад сэтгэл их хөдөлсөн. Сүсэгтэн олондоо номоо номлож, адис өгч, сахиусандаа даатгасан. Нутгийн зон олон маань чин сэтгэлээсээ баярлаж, хангай дэлхий хүртэл нар хур нь тэгширч, өргөн дэлгэр наадамлаж байгааг харахад сайхан байсаан.

-Таны ирээдүйн зорилго юу вэ?
-Ер нь Бурханы шашны гол зорилго, сургаал өөрөө эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд байдаг шүү дээ. Бид ч энэ шашныхаа замналаар явж буй учраас хамаг олныхоо сайн сайхан, тус буяны төлөө явах нь бидний ирээдүйн зорилго гэж ойлгож болно. Үүний тулд шашны номдоо сайтар суралцаж, эхлээд өөрийгөө гэгээрүүлэх нь чухал. Тэгээд дараа нь хамаг амьтны тусын тулд хүн бүрийн сэтгэл санааг төвшитгөж, зөв зүг рүү нь залахыг хичээнэ дээ.

-Тэгвэл улс орныхоо ирээдүйг хэрхэн харж байна?
-Нэг үеэ бодвол улс орон маань сайхан хөгжиж байна. Хүн ардын сэтгэл санаа ч их өөдрөг болсон юм шиг санагддаг. Гэхдээ сайныг дагаад саар зүйл ч их байх шиг байна. Хамгийн гол нь манай ард түмэн бие биенээ сайхан хүндэтгээд, нэг нэгэндээ тусалж дэмжээд явбал улам л сайхан болж, айх аюул зовлонгүй амгалан тайван амьдарна гэж боддог доо.

-Ярилцагынхаа төгсгөлд Та уншигч олонд хандаж юу айлдахсан бол?
-Хүн бүр бусдад үргэлж сайныг санаж, хар хорын сэтгэлгүй явбал өөрт хийгээд өрөөлд ч тустай. Энэ бол үйлийн үр юм. Муу үйл мууг дагуулдаг бол сайн үйл ямагт сайныг дэлгэрүүлж байдаг шүү дээ. Тиймээс хүмүүс сэтгэл санаагаа байнга ариусгаж байх хэрэгтэй. Хүмүүний сэтгэл ариун байвал үйлс ариун байна.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Буян номын ариун үйлсэд тань амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%