Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баян-Өндөр сумын тухай

2014-09-12

1923 оны 11 дүгээр сард Ардын засгийн газрын шийдвэрээр  Засагт хан аймгийн Жонон вангийн хошууг Хантайшир уулын аймгийн Байбаян – Өндөр уулын хошуу хэмээн нэрлэжээ. 1931 онд Завхан аймгийн Байбаян уулын хошуу нь Баян-Өндөр, Баянцагаан гэсэн хоёр сум болов.1940 онд Говь-Алтай аймаг байгуулагдаж,  Говь-Алтай аймгийн харъяат сум болов.

БНМАУ-ын Улсын Бага Хурлын 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр Баянхонгор аймгийг шинээр байгуулж  Говь–Алтай аймгийн  зарим сумыг харьяалуулах  болсноор 1942 оны хоёрдугаар сараас Говь Бөмбөгөр ( удалгүй Баянхонгор гэж нэрлэсэн ) аймгийн Баян-өндөр сум болсон. Тэр үед 10багийн  743 өрх  2400 шахам хүн амтай байлаа.1956 оны 6 дугаар сарын 21-нд 7-р багийн малчин Нигаагийн Бадарч, Гарьдын Ёнтон нарын хэсэг хүмүүс хуралдаж нэгдэл байгуулан “ Хөгжлийн зам ” гэж нэрлээд даргаар багийн дарга Лодойн Доржийг сонгов.

Баян-өндөр сум нь Алтай нурууны төгсгөл Гичгэний нуруу түүний салбар уулсаас урагш Алтайн цаадах говийн зарим хэсгийг хамран хил хүртэл хойноос урагш сунаж тогтсон 1689130 га нутагтай говийн их ай савд багтаж оршдог.Баруун талаараа Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумтай 292 км, хойд талаараа Баянцагаан сумтай 72 км, зүүн талаараа Шинэжинст сумтай 284 км, өмнөд талаараа БНХАУ-тай 266 км тус тус хиллэдэг. Сумын ихэнх нутгийг 2000 метрээс дээш үнэмлэхүй өндөртэй уул нурууд эзэлдэг. Хамгийн өндөр цэг нь Гичгэнийн нурууны оргил “Улаан овоот” 3215м, нам дор цэг нь  “Долооны цэнхэр хоолой” 1300 метрт оршино. Сумын төв нь Байн нурууны Булган гэдэг газар байрладаг. Сумын нутгийн өндөр уулсын бэл, цав, толгод хөндийгөөр гадаргын болон газрын доорхи усаар хүрэлцээтэй боловч хүн малын ундаанд  төдий л тохиромжгүй эрдэсжилт ихтэй, говь, тал, хоолой хотостоо усны нөөц ховор бөгөөд гагцхүү гар болон инженерийн хийцтэй худаг уст цэгийг ашигладаг. Энэхүү нутагт нэн ховордсон амьтан болох хавтгай, мазаалай, баавгай, хулан, аргал, янгир, ирвэс, говийн шилүүс зэрэг хөхтөн, алтат хойлог зэрэг жигүүртэн шувууд амьдардаг. Шар хулст, Ламын тооройн Цагаан бургаст зэрэг алдарт баянбүрдүүд  Баян Овоо, Бундир, Улаанчулуу, Үхэрчулуут, Өгөөмөр, Ямаан ус, Аргалийн хөв зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд олон байдаг. Мөн түүх соёлын үнэт өлгий Ар монголын шашны өмнөд хаалга хэмээн алдаршсан Амарбуянтын хүрээ энэ нутагт эдүгээ хүртэл өвлөгдөн хадгалагдаж, хамгаалагдаж,  сэргээгдэж иржээ. Тус сум нь мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж байгаа ч голлон тэмээ, ямаан сүрэг нь ашиг шим, төлөрхөг чанараараа алдартай бөгөөд Тэмээн сүрэг нь “Идрэнгийн хос зогдорт” ямаа “ Идрэнгийн ноолуурын цагаан“ гэдэг угшил гарвалтай тэмээ, ямаан сүргийн үндсэн сайжруулагчаар үржүүлж  улсын үржлийн ферм байгуулан ажиллаж байна.

Баян-Өндөр сумаас Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн , гавьяат хуульч Дамбын Цэрэнхүү, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, Алтан соёмбо-ын эзэд тэмээчин Баатарын  Төмөр / 1986 /, ямаачин Дамбын Самдан /1989 /, тэмээчин Чогсомын Ванхүү /1990/, Гавьяат тамирчин  Халтмаагийн Баттулга, Халх голын байлдаанд эрэлхэг гавьяа байгуулсны учир “Байлдааны гавьяаны одон”-гоор шагнагдсан дайчид Чулууны Шагдаржав, Жамъянгийн Жанцан, “Халх голын ялалт” медалиар шагнагдсан  дайчин Гомбын Гэлэг, Соднойн Батсуурь, Самдангийн Лувсанцэрэн, Чойжилын Должав, “Бид ялав” медальт Чойсүрэнгийн  Бадарч, Жанчивын Ванлуу, Тунтуугийн Галсанцэрэн, Гончигсүрэнгийн  Тунтгар, Зандраагийн Чимэд-Ёндон, Чойсүрэнгийн Бондгор, Димаажавын Гомбожав, Димаажавын Долгор, Задийн Лувсан, Бүргэдийн Цэрэн, Өвдөлийн Сэрээдэр, Цогзолмаагийн Лувсан, Нарангийн Лодон, Бадарчийн Жамц, Чойжилжавын Хас-Очир, Гарамжавын Лувсандорж, Чулууны Ядамсүрэн, Сүхбаатарын  одонт Д.Цэрэнхүү, Ц. Ёндон, Б.Төмөр, Д.Самдан, Ч.Ванхүү, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонт  Гомбын Гүнсэн 1940 он малчин, Лантуугийн Жаргал хүний бага эмч, Д.Цэрэнхүү  хуульч, Мядагийн Халтар  малчин, Л.Балдандорж   багш, Б.Самдан  малчин, Б.Төмөр малчин, Г.Дамдинцэрэн малчин, Алтан гадас  одонт Гунгаагийн Лхамжав  сумын дарга, Намсрайн Цэрэн–Орги  малчин, Шоовдорын Халтар УБ Биокомбинат, Лхамжавын Чимэд  УБ,  Чулууны Бадарч  УБ Төмрийн завод,  Бадарчийн Халтар  жинчин, Бадарчийн Зэндмэнэ  малчин, Г.Дамдинцэрэн   ууган аварга малчин, хошой, Ц.Ёндон цэргийн дарга, Ц.Жанцандорж  нарийн бичгийн дарга , Ч.Ванхүү  малчин, Түгжийн Рагчаа  эвлэлийн ажилтан, Т.Элбэгдорж   сум, нэгдлийн дарга, Бадарчийн Халтар  ня-бо болон улс аймгийн олон арван сайн малчид, мэргэжлийн сэхээтнүүд төрөн гарсаныг үеийн үед бахархан дурсан хүндэлж байдаг.

Тус сумын 9 жилийн дунд сургууль анх 1941 онд байгуулагдсан. Одоо 18 багш, 493 сурагч,  цэцэрлэгт 90 хүүхэд, 3 багш ажиллаж байна. 320 хүүхдийн хичээлийн байрны 9 кабинет, спорт заал, 80 хүүхдийн дотуур байр бага оврын халаалттай, компьютер, телевизор, ном, жижиг гарын авлагаас бүрдсэн мэдээлэл сургалтын төвтэй. Номын сан сургуулийн, нийтийн номын сангийн зориулалтаар ашиглаж  байна 8100.0 төгрөгийн номын фондтой.

Хүний их эмчийн “Энхжин“ эмнэлэг нь нийгмийн эрүүл мэндийг  хамгаалах 13 хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.Тус эмнэлэг нь 15 ортой, их эмч, 21 ажилчидтайгаар үйлчлэх хүрээний 2600 гаруй хүн амд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Холбооны  салбар нь 1 ажилтантай орчин үеийн дэвшилтэд  технологи бүхий тоон системд 2002 онд шилжсэн 3 багтай богино долгионы холбоогоор холбогдсон 227 өрх сансраас  телевизорын  нэвтрүүлэг шууд хүлээн авдаг жижиг станцтай .ХААН  болон Хадгаламж   банкны салбар нь тус  тус 3 орон тоотой ажилладаг.

Сумын  төвдөө Япон улсын тусламжийн дизель станц 3-ыг суурилуулан ашигладаг. 317 өрх айл нарны болон  салхины эрчим хүч ашиглах  цахилгаан үүсгүүртэй.  Шатахуун түгээх хувийн 4 цэг ажилладаг.

Аймгийн төвөөс 276 км, Улаанбаатар хотоос 916 км гаруй км алслагдсан сумын төвийг хөдөөгийн айл өрхүүдтэй холбосон шороон замтай. Сумын төвөөс алслагдсан өрх 156 км хол нутагладаг. Тус сумд автомашин 135 трактор 16 мотоциколь 300 –гаад уналга тээвэрт ашиглагдаж байна. Малчдын үүсгэл санаачлагаар байгуулагдсан 6 хоршоо шинээр байгуулагдан ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%