Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Монголд хонины гулууз 70 мянга, Хятад руу гараад 700 мянган төгрөгөөр борлуулагддаг

2017-12-08

Сүүлийн таван жилийн турш манай улс махны экспортыг нэмэгдүүлэх асуудлыг хөрш орнуудтайгаа ярьсаар ирсэн. Санаж байгаагаар 2015 онд тэрбум ам.долларын мах экспортлох хэлэлцээ хүртэл хийгдэж байсан нь 60 сая малтай манай улсын хувьд дэлхийд махны магнат болох боломжтойг ойлгуулсан. Гэвч харамсалтай нь шүлхий болоод олон улсын стандарт шаардлагын босгонд ихэнх үйлдвэрүүд бүдэрсэн юм.

Олон жилийн турш малыг хөлөөр нь гаргаж, эдийн засгийн үр ашиггүй хэлэлцээ хийж ирсэн тул махаар нь гаргах нь зөв гэдэг шийдвэрийг 2012-2016 хүртэл эрчимтэй ажил хэрэг болгосон. Нэмүү өртөг шингээгээд наанадаж бууз, банш болгоод зах зээлд борлуулвал эдийн засгийн хувьд тун эерэг нөхцөл байдал бүрдэх юм.

Дэлхийн улс орнуудын хувьд малыг хөлөөр нь экспортлоно гэдэг бол XVIII зууны л ойлголт. Нэг хэсэг Дорнодын “Хавирга-Ар хашаат” боомтоор голдуу шүдлэн, хязаалан насны адуу гаргаж байсан. Түүнчлэн нэг адууг 500 мянган төгрөгөөр үнэлэн, урд хөрш рүү нийлүүлсэн гэх мэдээлэл ч хэвлэлүүдээр гараад байсан юм. Харин үүний дараахан өнөөдрийн Ерөнхий сайд Шадар сайд байхдаа адууг хөлөөр нь гаргах асуудлыг цэгцэлж, дахин хөлөөр нь гаргахгүй байх шийдвэр гаргасан билээ.

Мөн малыг махаар нь гаргах шийдвэрийн хүрээнд дотоодын томоохон таван компани Хятад руу мах экспортлох зөвшөөрөл авснаар өнөөдөр дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины мах, махан бүтээгдэхүүн болон экспортлогдож байна.

Энэ онд манай улсын хэд хэдэн аймагт шүлхий гарч, одоо ч шүлхийтэй байгаа учир Хятадын талаас үхрийн махны экспортоо үндсэндээ зогсоож, хонины мах эрчимтэй экспортлож эхэлсэн. Ингэхдээ мах бэлтгэлийн буюу намрын нядалгааны үеэр хонины махыг гулуузаар нь экспортложээ. Тухайлбал, Хятад руу мах экспортлох тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий зургаан компани хөлдөөсөн ямаа, үхэр, хонины гулууз экспортлож байгаа талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тайландаа дурьджээ.

Хятадын Үндэсний хөгжлийн шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл хонины махны хэрэглээний нэг хүнд ногдох хэмжээ нь 2002 онд 2.47 кг, 2010 онд 3,01 кг 2015 онд 3.23 кг болсон байна. Хонины махны импорт  нь 2011 онд 82.7 мянган тонн 2012 онд 123.7 мянган тонн 2013 онд 254.0 мянган тонн болж өссөн мэдээлэл бий.

Түүнээс хойш буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Хятадад үхрийн махны үнэ нэг кг нь 93 юань болсон бөгөөд хонины махны үнэ нэг кг нь 96.14 юанийн ханштай байна. Энэ нь яг өнөөдрийн ханшаар нэг кг үхрийн мах Хятадад 34 мянга 310 төгрөг бол, хонины мах кг нь 35 мянга 420 төгрөг орчим байгаа юм.

Монголд өнөөдөр хонины гулууз мах “Хүчит шонхор” зах дээр дунджаар 70 мянган төгрөгийн үнэтэй байна. Ойролцоогоор 13-20 кг гэж үзвэл Хятадад хонины томхон гулууз мах ойролцоогоор 708 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар дээр дурьдсан компаниуд нэг кг хонь, үхрийн махыг 10 мянгаас илүүгүй үнээр экспортлодог гэсэн албан бус тоо бий. Гэхдээ стандарт хангасан, Хятадын талаас тавьсан шалгуурт тэнцсэн тохиолдолд л кг нь 15 мянган төгрөгт хүрэх боломжтой аж.

Р.Бурмаа сайдын үед кг махны үнийг 15 мянган төгрөгт хүргэх санал гарч байсан санагдана. Гэсэн ч Хятадын талаас “Танайд хаа хамаагүй мэргэжилтэй, мэргэжлийн хяналтын байцаагч баталгаа, сертификат өгдөг ч танай махыг хүнсэнд хэрэглэж болно гэсэн баталгаа өгөхгүй байна” гэсэн хариултыг өгч байсан юм.

Үүнээс үзвэл Монголоос хонины гулууз мах кг нь дотоодын зах зээлийн үнээс нэг дахин өндөр буюу ойролцоогоор 10 мянган төгрөгөөр экспортод гардаг гэж үзвэл тарган хонины гулууз 20 кг гэвэл 200 мянган төгрөгөөр хятад руу гардаг гэсэн үг. Харин тэнд очоод хятадад 700 мянга орчим төгрөг буюу гурав дахин нугалж зарагддаг байна.

Ингээд харахаар бид 60 сая малтайн хэрэг, махаа хөлөөр нь биш нэмүү өртөг шингээж экспортлож байгаагийн хэрэг гарч байна уу гэдэг асуудлыг дахин хөндөж, эргэн харах нь зүйтэй биз ээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%