Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг салбарынхаа гадаад худалдааны үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Мэргэжлийн хяналт, Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяат, Мал эмнэлэг, үржлийн газрын удирдлагуудтай уулзжээ.
Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг, Бид нэг Засгийн газарт ажиллаж, төрийн үйл хэргийг удирдан чиглүүлж байна. Иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн махны экспорт, малын өвс тэжээлийн импортыг шуурхайлах ажлыг дан ганц Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам шийдэх боломжгүй. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгтгэж, салбарын гадаад худалдааг хөнгөвчилж, дэмжиж ажиллах зөвлөмжийг дээрх газрын удирдлагуудад өглөө.
Нэн тэргүүнд ОХУ-аас 50 мянган тонн өвс тэжээл импортлон, малчдад хүргэх, хүн амын хүнсний хангамжийг тогтвортой хадгалах үүднээс 225 мянган тонн хүнсний улаан буудай, 10 мянган тонн үрийн улаан буудайн импортыг хамтран шуурхай зохион байгуулах хэрэгтэй байгаа юм.
Мөн үржлийн бус мал экспортлох, хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаанаар тогтоосон квотын дагуу адуу, үхрийн мах экспортлох үйл ажиллагааг хөнгөвчлөх, хэрэгжилтийг хамтран зохион байгуулах чиглэлийг холбогдох төрийн байгууллагуудад өглөө.
Үүнээс гадна Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын хэрэгцээнд зориулан 16 мянган тонн мах бэлтгэн, тогтвортой үнээр зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж байна. Энэ ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийн орон нутгаас бэлтгэх малын гарал үүслийн гэрчилгээ, махны чанар, худалдан борлуулах тоо хэмжээнд онцгой хяналт тавьж ажиллах шаардлагатай талаар ярилцжээ.