Өнөөдөр төрийн албан хаагчдад олгохоор шийдвэрлэгдсэн нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 300 мянган төгрөгийг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад олгохгүй хэмээн ЭМЯ, Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд мэдэгджээ. Энэхүү мэдэгдэл нь өрхийн эмч, ажилчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа талаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ.
Дээрх тэтгэмж нь төрийн алба хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр 2017 онд багтаан 300 мянган төгрөг олгохоор улсын хэлэлцээрээр тохиролцож, 55.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт батлуулсан юм.
Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар мэдээллийн үеэр хийхдээ: "Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин орлогыг нэмэгдүүлэхийн төлөө багагүй тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, жагсаал, цуглаан, сануулах ажил хаялт хийсэн.
Үүний үр дүнд Улсын гурван талт нэмэлт хэлэлцээрийг байгуулж, улмаар эрүүл мэндийн салбарын гурван талт нэмэлт хэлэлцээрийг өнгөрсөн баасан гарагт эхлүүлж, ихэнх заалтуудыг зөвшилцсөн хэдий ч хэлэлцээр цаашид үргэлжлэх боломжгүй байдалд хүрч хамтын маргаан үүсгэх нөхцөл үүсээд байна.
-ШААРДЛАГА ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БОЛ БААСАН ГАРАГТ ЖАГСАНА-
Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэг иргэнээр тооцсон тарифаар 100 хувь улсын төсвөөс санхүүждэг, эрүүл мэндийн салбарын дийлэнх ажлыг үүрч яваа байгууллага юм. Зах зээлийн зарчмаар ашиг орлого олох боломжгүй нөхцөлд хөгжих гэж төрөөс үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн төлөө зүтгэж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна. Гэтэл цалин нь нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй.
Тийм учраас Өрхийн эрүүл мэндийн төвийн 3,000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын нэрийн өмнөөс Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, Сангийн яаманд хандаж өнөөдөр шаардлага хүргүүлж байна. Эрүүл мэндийн салбарын нийт ачааны 80 хувийг өрхийн эрүүл мэндийн төвүүд үүрч байгаа. Нийт 2,400 хүнд хүрч ажилладаг энэ хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна.
Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд энэ сарын 8-нд Баасан гарагт ЭМЯ-ны гадна талбайд эсэргүүцлийн цуглаан, жагсаал хийхээр төлөвлөсөн байна. Цаашлаад хэрэв үр дүн гарахгүй бол Өрхийн эрүүл мэндийн төвүүд дагнан ажил хаялт хийх нөхцөл байдал үүслээ.
Энэхүү шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, арвандугаар сарын 8-ны өдөр жагсаал, цуглаан зохион байгуулж, цаашид ажил хаялт хийх хүртэл тууштай тэмцэхээр шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна гэлээ. У.УРАНЦЭЦЭГ