Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ш.Энхжаргал: Орон сууцны татварын буцаалтыг эхнэр авсан бол дараагийн удаа нөхөр нь авах боломжтой

2017-11-30

Орон сууцны татварын буцаалтыг эхнэр авсан бол дараагийн удаа нөхөр нь авах боломжтой

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой талаар бид өмнө мэдээлсэн.

Иргэд хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах боломжтой.

Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор иргэдээс олон асуулт ирсэн тул Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын улсын байцаагч Ш.Энхжаргалаас хариулт авлаа.

-Энэ жилээс эхлэн цахим бүртгэлээр бүртгэнэ гэсэн. ТТ06 маягтад бичдэг тайлангаа цахимаар илгээнэ гэсэн үг үү. Энгийн иргэд тэр бүр тооцоо гаргаж чадахгүй шүү дээ. Энэ тохиолдолд яах ёстой вэ?
-Хувь хүн өөрөө гаргаж чаддаггүй учраас л цахимжуулж байна. Татвар төлөгч цахим тайландаа шаардлагатай мэдээллийг оруулна. Тухайлбал, цалин, хөдөлмөрийн хөлс хэсэгт цалингийн дүн, суутгасан татварын хэсэгт дүнг нь оруулчихвал автоматаар өөрөө бодогдоод гараад ирнэ. Эрүүл мэндийн даатгал нь автоматаар бодогдоно.

Татвар төлөгч тухайн материалыг эх хувьтай нь хамт аваад очиж байгаа тохиолдолд заавал хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй.

Харин  1.920 сая төгрөгөөс дээш хэмжээний цалинтай бол өөрөөр бодогддог учраас  гараар оруулж болохоор хийсэн. Энэ нь татвар төлөгч буруу зөрүү бодохоос сэргийлж, ажлыг нь хөнгөлж байгаа хэрэг.

-Цахим бүртгэлд бүртгүүлэхийн тулд нууц үг шаардлагатай гэсэн. Материалаа бүрдүүлж өгөхөөс өмнө нууц үгээ авах уу?
-Татвар төлөгч харьяа дүүргийнхээ татварын хэлтсээс цахим бүртгэлийн нууц үгээ авна. Анх удаа татварын хөнгөлөлт эдлэх гэж байгаа бол татварын цэнхэр дэвтрээ авахдаа нууц үгээ авчихаж болно. Дараа нь цахим бүртгэлдээ тайлангаа шивчихээд хэвлээд, бүрдүүлэх материалтайгаа хамт аваад очно.

Цэнхэр дэвтрээ авахдаа татварын албан дээрээ хорооны тодорхойлолт,  2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбарын хамт аваад очно.

-Бүрдүүлэх материалыг заавал нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатай юу?
-Татвар төлөгч тухайн материалыг эх хувьтай нь хамт аваад очиж байгаа тохиолдолд заавал хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй. Хэрвээ та өөрийн биеэр авчирч өгөх боломжгүй, шуудангаар илгээх эсвэл татварын байцаагч эх хувьтай нь тулгаж харах боломжгүй үед нотариат шаардаж байна. Ингэснээр татвар төлөгчийн нотариатад төлөх мөнгийг хэмнэж байгаа юм.

-Биеэр ирэх боломжгүй үед гэж та хэллээ. Тэгэхээр татварын хөнгөлөлт эдлэх гэж байгаа хүн өөрийн биеэр очих боломжгүй үед оронд нь хүн явуулж болно гэсэн үг үү?
-Болно. Материал нь бүрэн бол тэр хүн өөрийн биеэр заавал ирнэ гэсэн шаардлага тавиагүй. Тэр хүн шуудангаар өгөх боломжтой.

-Байр худалдаж авах үед орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварын баримт олдохгүй байна гэж иргэд ярьдаг. Энэ баримтыг заавал өгөх ёстой юу?
-Бусдын нэр дээр байгаа үл хөндлөх хөрөнгийг худалдаж авсан тохиолдолд заавал хоёр хувийн албан татварын баримт шаардана. Дүүргийн татварын алба, эсвэл татвар төлсөн банкнаас шүүлгэж авах боломжтой. Харин орон сууц захиалан бариулсан, өөрөө орон сууц, байшингаа барьсан тохиолдолд энэ баримт шаардлагагүй. Татвар төлөгч орлогоо заавал нотлох үүрэгтэй учраас бид заавал баримт шаардана.

-Орон сууцны үнээс хоёр хувийн татварын хэмжээ шалтгаалдаг. Гэтэл тухайн үедээ хоёр хувийн татварыг бага төлсөн бол энэ нь татварын буцаалт авахад нөлөөлөх үү?
-Ийм асуудал гардаг. Нэг өрөө байр 60 сая төгрөгөөр худалдаж авлаа гэхэд 2 хувийн татвар нь 1.2 сая төгрөг болно.  Иргэн хүн хөнгөлөлт нь 30 сая төгрөг учраас 2 хувийн татвараа 1.2 саяасаа багаар хийчихье гэж бодож болно. Ингээд худалдах, худалдан авах гэрээнд 60 сая төгрөгийн үнэтэй гэж байрныхаа үнийг бичсэн ч байраа 15 сая төгрөгөөр бодоод 2 хувийн татварт 300 мянган төгрөгийг төлчихлөө гэж бодъё. Тэр тохиолдолд хэчнээн 30 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний татвараас чөлөөлөгдөх байсан ч хоёр хувийн татварыг 15 саяар бодоод хийчихсэн бол тэрийгээ дагаад татвараас авах буцаалт нь буурна. Хоёр хувийн татварыг буруу төлсөн бол нөхөн төлж болно.

-Хэрвээ иргэн 3 сая төгрөгөө бүрэн аваагүй байхдаа байраа зарчихсан бол үргэлжлүүлж татварын хөнгөлөлтөө эдлэх боломжтой юу?
-Боломжгүй. Өөрийн нэр дээр байх тохиолдолд л эдэлнэ. Зарчихвал үлдсэн мөнгөө авах боломжгүй.

-Хэрвээ иргэн татварын хөнгөлөлтөө эдэлж байгаад дунд нь завсарласан бол дараагийн жилээс хөнгөлөлтөө эдлэх боломжтой юу?
-Болно. Жишээ нь, эхний жилдээ татварын хөнгөлөлтөө эдлээд, дараагийн хоёр жил нь татвар төлөөгүй, гэртээ суугаад, гурав дахь жилээсээ ажлаа хийгээд татвараа төлсөн бол татвар төлсөн жилээсээ хөнгөлөлтөө эдэлж болно.

-2009 онд байр худалдаж аваад, татварын хөнгөлөлтийн талаар дөнгөж саяхан мэдэж авлаа гэхэд, 2016 онд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юу? Өөрөөр хэлбэл 2009, 2010 онд татвараас мөнгө аваагүй бол?
-Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2010 онд гарсан бол боломжтой. Гэхдээ 2015 онд төлсөн татвараа л буцааж авна. Өмнө жилүүдэд төлсөн татвараа буцаан авах боломжгүй.

Эхний байран дээр эхнэр хөнгөлөлт эдэлсэн бол дараагийн байранд нөхөр хөнгөлөлт эдлэх боломжтой.

-Тэгэхээр хэдэн оноос хойш орон сууц худалдаж авсан, барьсан бол энэ татварын буцаалтыг  авах боломжтой вэ?
-2007 оноос хойш орон сууц худалдаж авсан, барьсан бол энэ татварын хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2010 оноос хойш гарсан бол энэ жил амжиж тайлангаа өгөх боломжтой.

-Анх удаа байр худалдаж авсан тэтгэврийн хүн эсвэл гадаадад амьдарч буй хүмүүс татвар буцаан авч болох уу?
-Боломжгүй. Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн буцааж авч байгаа учир тэтгэврийн иргэд, сайн дураар нийгмийн даатгал төлж буй иргэд татварын буцаалт авах боломжгүй. Зөвхөн хувь хүний орлогын албан татвар төлж буй иргэд л авах эрхтэй.

Эхний байран дээр эхнэр хөнгөлөлт эдэлсэн бол дараагийн байранд нөхөр хөнгөлөлт эдлэх боломжтой.

-Орон сууцны болон сургалтын татварын хөнгөлөлтийг зэрэг эдлэх боломжтой юу?
-Болно.

-Хөдөө орон нутагт амьдарч байхдаа хөнгөлөлт эдэлж байсан. Одоо шилжиж ирсэн бол мөнгөө үргэлжлүүлэн авч болох уу?
-Тухайн шилжиж ирсэн газраа татвар төлөгчөөр бүртгүүлээд үлдсэн мөнгөө авч болно.

-Эхнэр нөхөр хоёр байрны хамтран эзэмшигч гэж үзье. Эхнэр нь татварын хөнгөлөлт эдэлсэн бол дараа нь дахиад байр авахдаа нөхөр өөрийн нэрээр татварын хөнгөлөлт эдэлж болох уу?
-Боломжтой. Иргэн бүрт энэ эрх нь нээлттэй. Тэр хүн эхнэртэйгээ хамтран эзэмшигч байж байгаад дараа нь байр авахдаа өөрөө хөнгөлөлт эдэлж болно. Эхний байран дээр эхнэр хөнгөлөлт эдэлсэн бол дараагийн байранд нөхөр хөнгөлөлт эдлэх боломжтой.

-Хоёрдугаар сарын 15-ны дотор бүртгүүлэх ёстой гэсэн байна. 2016 он гараад байр авсан бол 2015 онд төлсөн татвараа энэ жилдээ авах боломжтой юу?
-Хуулийн хугацаанд багтаад хоёрдугаар сарын 15-ны дотор бүртгүүлсэн бол болно. Дараа жил ч тайлангаа явуулах боломжтой.

-Татварын буцаалтыг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн авах хүсэлтэй байгаа иргэн ажлаасаа гарчихсан. Байгууллагаасаа цалингийн тодорхойлолт авах боломжгүй байна гэсэн байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Бид ажлын газрын тодорхойлолт огт шаардахгүй, харин цалингийн тооцооны хүснэгт хэрэгтэй.  Татвар төлөгч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь дэвтэрт нь бичээстэй, татварын цэнхэр дэвтэртээ нягтлангаараа бөглүүлчихсэн бол  энэ хүнийг ажилтай гэж үзээд ажлын газрын тодорхойлолт шаардахгүй зөвхөн цалингийн тооцооны хүснэгт байхад болно. Тэр хүн тухайн байгууллагадаа цэнхэр дэвтрээ барьж очоод суутгуулсан татвараа цалингийн тооцооны хүснэгтээ  бичүүлнэ. Мөн нийгмийн даатгалын дэвтэр зайлшгүй баталгаажсан байх ёстой.

-Хуульд амьдрах зориулалтаар байшин барих гэсэн заалт бий. Хашаа байшин орох уу?
-Орно. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарчихсан бол татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. 

-Хөрөнгийн үнэлгээний тайлан гэж юу вэ гэсэн асуулт ирсэн байна.
-Хөрөнгийн үнэлгээ хийдэг мэргэжлийн газруудаар барьсан байшингаа үнэлүүлээд тухайн байр хэдэн төгрөгийн үнэтэй болохыг хэлж байна. Хэрвээ үнэлүүлэхгүй бол байшин барьсан хүчин төгөлдөр зардлынхаа баримтын жагсаалтыг авчирч болно. Олон жил дарааллаад барьсан байшингийн баримтууд нь байхгүй болчихдог. Баримт нь байхгүй бол хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлээрэй. Тухайн байшин 15 сая төгрөгийн үнэтэй бол түүнтэй дүйцэхүйц хэмжээний татварын хөнгөлөлт эдэлнэ.

-Өөрийн нэр дээр хоёр байртай бол татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юу?
-Тэр хүн өмнө нь хөнгөлөлт эдлээгүй бол аль нэг байр дээрээ эдэлнэ. Аль байрандаа хөнгөлөлт эдлэх нь өөрийнх нь асуудал.

-Нэг жилийн дотор татварт 3 сая төгрөг төлсөн бол  3 сая төгрөгөө нэг жилдээ багтаагаад бүрэн авч болох уу?
-Болно. Хувь хүн төлсөн татвараа л буцаан авч байгаа учир болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%