Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Нийгмийн даатгал-Таны насан туршийн баталгаа”

2017-11-30

“Нийгмийн даатгал-Таны насан туршийн баталгаа”

 

Төдийгөөс өдий хүртэл буюу ерөнхий боловсролын сургуулиас их, дээд сургууль хүртэл нөхөрлөж явсан хоёр бүсгүйн дунд өмнө нь сөхөгдөж байгаагүй нэгэн яриа өрнөжээ. Тэд нэг жилийн өмнө их, дээд сургуулийн хаалгыг хааж, ажлын байрныхыг татсан. Гэхдээ саяхныг буюу нэг нь жирэмсэн болох хүртэл тэдний дунд энэ яриа өрнөөгүй. Нэгэн өдөр найзууд уулзаж, элдвийг хөөрөлдөх зуур декритний мөнгөний асуудал ярианых нь гол сэдэв болов. Тухайлбал, “Хүмүүс жирэмсэн байхдаа декритний мөнгө авдаг юм байна. Яаж авдаг юм бол. Надад тэр мөнгө нь олдох болов уу”, “Нийгмийн даатгалыг заавал төлөх ёстой байдаг юм бол уу” гэх мэтээр хариулт нэхсэн асуулт тэдний дунд хөвөрлөө. Гэсэн ч хэн нь ч энэ тухай ямар ч ойлголтгүй тул тухайн үед асуудлыг эцэслэж чадаагүй. Учир нь, тэдний нэг нь хувийн байгууллагад, нөгөөх нь хувиараа бизнес эрхэлдэг учир аль аль нь сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Тиймээс хүүхэд төрүүлэх, өвдөх, ажилгүй болох зэрэг хөдөлмөрлөх явцад тохиох эрсдэлтэй үед тэд тэтгэмж, төлбөр авах ямар ч боломжгүй.

Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд, дөнгөж ажлын байранд гарч буй залуус нийгмийн даатгал, түүний ач холбогдлын талаар ойлголт бага, ихэнх нь тэтгэвэрт гарахад хэрэгтэй гэж боддог. Тиймээс хоёр бүсгүйн адил энэ төрлийн асуудалд хариулт хүлээж суугаа хүмүүст дараах товч мэдээллийг хүргэж байна.

 

НИЙГМИЙН ДААТГАЛ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

Даатгал гэдэг нь товчхондоо, эрсдэлийг хаах гэсэн утгатай үг. Даатгуулагч, иргэдийн амьдралын баталгаа алдагдаж орлогын эх үүсвэргүй болох аливаа эрсдэлийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хэлбэрээр нөхөх үйл ажиллагааг нийгмийн даатгал гэдэг. Даатгуулагч өндөр насны тэтгэвэрт гарах, хөдөлмөрийн чадвар алдах, өвчлөх, ажилгүй болох, даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүнд хууль тогтоомжид заасан тэтгэмж, төлбөр авдаг. Нэг талаас нийгмийн даатгал аж ахуйн нэгж, байгууллага ажилтныхаа нийгмийн хамгааллыг хангах нөхцөл болдог. Харин нөгөө талаас даатгуулагч иргэн амьдралынхаа бүхий л үеийн туршид буюу хөдөлмөрлөх явцад эрсдэл тохиох нөхцөлд зохих журмын дагуу нийгмийн даатгалын сангаас нөхөн төлбөр авна. Иймд байгууллагын ажилтан цалингаасаа сар бүр дээрх нийгмийн хамгааллыг хангах зорилгоор шимтгэл төлдөг. Харин хувийн байгууллагад ажиллаж буй болон хувиараа бизнес эрхлэгчид өөрсдийн хүсэлтээр даатгуулах бүрэн боломжтой.

 

САЙН ДУРЫН ДААТГАЛД ЯМАР ИРГЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдах боломжтой. Тухайлбал, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, газар тариалан эрхлэгч, бичил уурхай эрхлэгч, чөлөөт уран бүтээлч, тодорхой хөдөлмөр эрхлээгүй бол гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн, оюутан суралцагч гэх зэрэг.

 

ЯМАР ТӨРЛИЙН ДААТГАЛД ДААТГУУЛЖ БОЛОХ ВЭ

Сайн дурын даатгуулагч эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулах боломжтой.

 

ШИМТГЭЛИЙН ТООЦООГ ЯМАР ЖУРМААР ХИЙХ ВЭ

Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлбөл зохих шимтгэлээ банкны тооцооны салбарт орлогын мэдүүлгээр нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд тушаана. Уг орлогын мэдүүлгийг үндэслэн сайн дураар даатгуулагчийн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагч хийж, түүний төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нь тухай бүр бичиж баталгаажуулна.

 

ДААТГУУЛАГЧ ЯМАР ТӨРЛИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ , ТӨЛБӨР АВАХ ЭРХТЭЙ ВЭ

Хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар тур алдсаны жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж авна. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр, тэтгэврийн даатгалын шимтгэл, рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардал, мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын тусламж, үйлчилгээний зардал авах боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%